Зүгээр л уучлая
Бодлогогүй хийсэн алхам
Бодохгүй хэлсэн үг бүхнийг чинь уучлая
Тэгээд л ........
Үлгэр адил амьдралд
Өөрөөсөө нуугдсан энэлэн болж үлдэе
Түрэмгий аашинд салхи шиг хийсэж
Түүнд өөрийгөө хамхуул шиг даатгая
Уул уулсаан танихгүй газарт
Өөрөө өөрийгөө олохгүйгээр нуугдая
Зүгээр л уучлая
Чамайг .......бас.......... өөрийгөө
Үг үгүйн чинадаас үүлс нүүж
Үнэн хэмээгдэх худал аясын салхинаа хийсэхүйд
Чи , би хэмээгдэн нэг нэгнээ хэмлэвч
Чин үнэндээ нэг л юм амьдрал ... зүрхээн дараад сонс
Хэрсүү гэнэний хооронд
Хэдхэн навчис хагдарч
Хэн нэгний нулимс миний нүднээс асгарахуйд
Өөр юунд ч биш амьдралд өвдөг сөгдөн
Үхэлд бууж өгөх нь ялагдал биш санагдана
Тэгэхэд л тэнэглэл ухаарал хоёр
Тэнцүүхэн агаад нэгдмэл ............
Хүссэндээ
Хөх чинэрхэд
Оршихуйн хязгаар дахь сэрэхүй сэрж
Одоогийн анирт унах сонсдоно
Хүлээсэндээ
Хүсэлдээ орооцолдход
Уйт алсын тохуурхал айлсаж
Цонхон доорхи модод бөхөлзөнө
Зүрхийг минь өргөс шиг мөрөөдөл шивж
Зүггүйхэн тонгочих энхрийхэн хэвлий дотроос огторгуй тийрнэ
Эхэл хайрын үзүүр хөнжил дотор минь орооцолдож
Эр биеийн чинь үнэрт цасны будраа шиг хайлна
Эмэгчин чонын араншин тархин дотор ульж
Эзэнгүй ягаан долгис тэнгэрийн зүгт нүүдэлнэ
Зоримог бардам аялгуу өврөөс чинь урсахад
Зоргоор бүргэд чиний өд шиг би хийснэ
Навчис хагдарсан намраар цээжний төгөл эзгүйрч
Нарны сэрвээн дээрээс мөсөн цэцэг унахад
Янаг цагаан тэнгэрийн хаа нэгтэйгээс ирсэн
Янжинлхамын үр хэвлий дотор дуншина
Огторгуй базаж төрсөн омголон бүргэд чиний
Одоо ирээдүйн үргэлжлэл салхи зайдалж мэндлэхэд
Эрин галавын хөндүүр чулуу дэрлэж уйлна
Эрт эдүүгээн онгод чинь сархад сөгнөж баярлана
Дотоод ертөнцдөө би гал шиг асаж ус шиг буцлаж мөс шиг хөлдөж байхын .....ертөнц дээр ганцхан би л ингэж байдаг юм болов уу ? Ерөөс бүх хүмүүс над шиг байдаг юм болов уу?
Хоосон чанарыг судлах тусам
амьдралд хорогдох хүсэл багасана
Би цуурай бие минь бишүүрхэл минь
Бий хирнээ байхгүй
Би цуурай хашгираад л байдаг дууны чинь хэмнэл атлаа
Хаана ч байхгүй хоосон
Үгүй дээ нээрээ би хэн ч биш
Өөртэй минь барьцах хүн үгүй
Үнэндээ магадгүй би алдартан ч байх болох
Үнсэлт минь тэврэлт минь гэхдээ л үл үлдэнэ
Чөтгөрийн ад биенд минь шүглэсэн учир
Чиний чадахгүй хэдэн мөрийг холбодог байж мэдэх
Чухамдаа яг л тиймийн учраас
Чулуунаас ойсон цуурай шиг хоосон байж болох
Би ,би яг л цуурай
Бие минь бичлэг минь
Бишүүрхэл минь бардамнал минь
Хайр минь хардалт минь
Хаана ч байхгүй хоосон хирнээ
Хашгирсан дуу шиг чинь чамд сонсогдох
Би цуурай....................
Шөнөжин сууж шүлэг бичээд
Гунигаар би өөрийгөө гоёдог
Шүүдэр бөнжигнөх өглөөний наран
Ганцаардсан надаар өдөржингөө дутдаг
Сүүдрээс өөр ариун юмгүй
Сүнснээс өөр өөрийн өмчгүй
Нүгэл дүүрсэн энэ л биеэнд минь
Нүд унагаад чи даана ч хэрэггүй ээ
Бие минь угаас хуурмаг ертөнцийн
Биелэл хийгээд хоосны тасархай
Үхэн хатан хайрлах амьдрал минь
Өөрийн юмгүй зуурдын зэрэглээ
Шунан дурлах уран бие минь
Шулмын адаар бүтээгдсэн тоглоом
Шуудхан хэлэхэд би өөрөө
Шийтгэл эдэлж буй эгэл ухамсар
Нурж байгаа юм болов уу гэж хүслээ бодтол
Нуугисан цурман дотроос цогшиж байсан нь тэр юм байж
Итгэл гэгч алдрахгүй юм даа ......................
Чулуужсан зүрх цухалдсандаа бутарч байна уу гэтэл
Цусаа сэлбээд хатуужиж байсан нь тэр юм байж
Цуурна гэж байхгүй чанга юмдаа сэтгэл
Өөрийн минь бүтээсэн хүслийн ертөнцөд
Өдөр шөнө хоёр зэрэгцэн оршдог
Өдөр хийгээд шөнөгүй
Өглөө бас оройгүй
Тэнд нар сар хоёр тэврэлдэн
Тэнгэрийг газар болтол янагладаг
Тиймээс газаргүй тэнгэргүй
Хагацал шиг одод усанд унахад
Хатуужлаар өлгийдөн тэнгэс бүүвэйлдэг
Хар цагаан санаа инээлдэн хундага тулгаад
Халамцаад ирснийхээ дараа
Барилцан зодолддог
Хайр сэтгэл үзэн ядалт хоёр
Хагацахын аргагүй амраг бололцсон
Тэнд юу ч үгүй .....................
Тэнгэр газар тэгээд би
Бүгд байхгүй
Тэгсэн хирнээ бүгд бий
Үүнийг л амьдрал гэнэ
Өөлхийн аргагүй бодит хирнээ
Үгүйлхийн аргагүй хоосон ертөнц
Үзэмний дарсанд согтоод
Дунайн эрэгт хонохсон
Үлгэр зүүд шиг бага насандаа очоод
Арбайтын гудамжаар гүйхсэн
Согтуу цыган аязанд
Хөлөө эцтэл бүжихсэн
Солиорсон мөрөөдөлдөө орооцолдоод
Цаасан шувуу нисгэхсэн
Одоо оройтсон
Онцолж магтдаг
Хуруунд минь
Хуримын бөгж гялалзах болсон
Олон өдөр хайрласан хайр минь
Ондоо хүнийг хайрлах болсон
Одоо оройтсон
Нүдэнд чинь би дүрээ тольдож
Нүгэлээ тэндээс харахгүй болсон
Нүцгэн чигээр өвөрт чинь эрхэлж
Нөмөрсөн тэрлэгээ үнгэхгүй болсон
Одоо оройтсон
Дэндүү ихээр хайрласан сэтгэл минь
Дээлийн эмжээр шиг сэмрээд дууссан
Дэлхий хүртэл багадсан хайр минь
Дэрхийн нисээд ирэхгүй болчихсон
Одоо дэндүү оройтсон
Гунигтай нүд чамайг хормойдож
Гутлаан ширтээд нулимсаа залгихад
Зээр шиг цахилсан чиний хүсэлд
Зэрвэсхэн ч болтугай тороогүй болхоороо
Дагжиртал чичэрсэн зүрх ганцаардаж
Даарсан сэтгэлд хань болсоныг түшсэн юм
Тэгэхэд л чи эргэж хараагүй байж
Тэгсэн мөртөлөө..................
Одоо дэндүү оройтсон
Давалгаан дор биеээ ивээд далайн нэг хэсэг болохсон
Даль жигүүр тэндээс аваад огторгуйн зүг дүүлэхсэн
Оддын дунд дураар сэлгүүцэж онгод болон оршихсон
Орондоо бүгд орсон нам гүмээр найрагчийн дэвтэрт унахсан
Шатсан модны үнс шиг хөрсний гүнд шингэсэн
Шар усны үерээр газар бүхэн тарахсан
Ус шимсэн ургамалын нахиа болон дэлгэрэхсэн
Уран дэлбээ минь хагдран унахад шүлгийн дэвтэрт хавчуулагдахсан
Хаа холын хүсэл хаалга тогшино
Хагас бөмбөлөг тархинд орох зөвшөөрөл эрнэ
Элэгдэх мөхөхийн орчлонгоос явна гэдгээ мэдхийн учир
Эс бүхэн дургүйцэж үүдээ үл нээнэ
Цухалдсан холын хүсэл хаалга тогшино
Цул биений эс бүхэн үнэнээс айн чимээгүй дүнсийнэ
Бүгдийг мэдэгч аль дээр үүдэнд ирчихээд байхад
Бүр ихээр харанхуйдаа дурлан эс бүхэн нугдайна
Үнэн худал хоёр ертөнцийн завсарт хавчуулагдахдаа өмссөн
Өмсгөл минь тас хар бас гэрэлтдэг
Амраг минь чи түүнд дэндүү дуртай
Авч өгөхдөө харин яагаад унтлагийн хувцас гэж нэрлэсэнийг би үл ойлгоно
Чи намайг нүцгэн л тэвэрхийг хүсдэг биз дээ
Энэ шөнө шиг ийм урт шөнө
Энэ хөнжил шиг ийм хүйтэн хөнжил
Этгээд бодолдоо орооцолдсон над шиг хүн
Энэ дэлхийд дахиад байх болов уу?
Давилуун занг минь дардаг чиний ааш
Дахилт мэт давтагдаад байдаг эгэл өдрүүд
Минийх л юм шиг мэддэг болчихсон чиний үйл хөдлөл
Мянган жилийн дараа хэн нэгэнд гайхагдах болов уу?
Унасан навчсийн зүссэн агаараас
Улаан туяа эргэн ойхыг намар гэнэм
Урагдсан сэтгэлийн гомдсон шаналалаас
Хорсол буцалж бай хайхыг хайр гэнэм
Өрөөлөөс тээж ирсэн
Үнэрийг чинь
Өвөртөөн би шатаая
Үнсэлтийн оромтой уруулыг чинь
Үзэн ядалтаараа арчия
Нар нуугдсан шөнөөр
Нүцгэн өвөрт чинь эрхэлэж
Сар ичсэн өдрийг
Минийх хэмээн зарлая
Усанд туссан сарны дүрс
Улигт амьдралаас дэндүү тасархай
Уруул тэр инээд нь
Уйт орчлонд хэтэрхий гоёдмоор
Салхи хөглөх эгшиг
Сарны үзэсгэлэнг тодруулхад
Жараахай живэх усанд
Нүцгэн саран тольдоно
Энэ хэдэн навчсыг эргэх цагийн аясаар унасан юм болов уу гэж бодтол
Эрх охин минь таслаад газраар нэг тараасан нь тэр байж
Байлгалын бусаар унасандаа харамссан навч уйлж байхад
Бяцхан үр минь тэдний зовлонгоор өөрийгөөн гоён инээд алдана

